Оттоманы эзэнт гүрэн дэх дрогманат

Эдгээр дрогманыг Османы эзэнт гүрэн хийгээд хожим Турк улсад дипломат орчуулга, хэлмэрчлэл хоёрын тулгын чулууг тавьж, үүсгэн байгуулсан гэж үзэж болно.

Audience of Charles Gravier, Comte De Vergennes, with the Sultan Osman III in Constantinople", painted by Antoine de Favray in 1755. The dragoman (third from left) can be distinguished by his uniform.
Photo credits: Photo credits: Wikipedia Commons

Түүхэнд аливаа нэг улстай харилцаа холбоо тогтоож байгаа улсын дипломатчдыг ажил үүргээ явуулахад гадаад хэл эзэмшсэн хүмүүс туслах ёстой байдаг ба тийм хэлмэрч, орчуулагчдыг Османы улсад дрогман « drogman » гэж нэрлэдэг байжээ.Түүхэнд дрогманатын тухай нэг их мэддэггүй бөгөөд энэ байгууллагын түүх  Барууны улс орнууд Османы эзэнт гүрэнтэй[i] явуулж байсан тогтмол харилцааны эхлэлтэй холбоотой.

Исламын шашинт орнуудад дрогман VIII зуунд Аббасын халифт улсын үед бий болсон ба Египетийн Мамлюк, Анатоли дахь Селжүкүүдийн дунд ч гэсэн байсан байна. Селжүкүүдэд дрогманыг хааны зарлигаар томилдог байсан агаад Османы эзэнт гүрэн уг заншлыг мөнхжүүлсэн юм[ii].  

Османы эзэнт гүрэн дэх орчуулга, дипломат хэлмэрчлэлийн түүх дрогмануудтай нягт холбоотой. Тэднийг Османы эзэнт гүрэн болон хожим Турк улсад дипломат орчуулга, хэлмэрчлэл хоёрын тулгын чулууг тавьж, үүсгэн байгуулсан гэж үзэж болно. Энэ түүх өрнийн хүчирхэг улсуудтай тогтоосон анхны харилцаа холбоо, байгуулсан эхний гэрээнүүдээс үүдэлтэй.   

1454 онд Венецын Бүгд найрамдах улс Истамбул руу Балиос[iii] нэртэй элчин сайдаа илгээний дараа Польш (1475), Орос (1497), Австри (1528), Франц[iv] (1535), Англи (1583), Голланд улс (1612) онд Османы эзэнт гүрэнтэй харилцаа тогтоохоор элчин сайдуудаа илгээж байжээ.

Гэсэн хэдий ч ер бусын энэ хүмүүсийн тухай ярихын өмнө дрогман « drogman » гэдэг үгийн гарал үүслийн тухай багахан авч үзье.

«Drogman » гэдэг үгийн гарал үүсэл

«Drogman » гэдэг үгийн гарал үүслийн талаар олон таамаг бий. Сириак хэлний энэ үг араб хэлэнд (tardjumān), турк хэлэнд (tercüman) болж оржээ.Уг үгийн хамгийн эртний хувилбар бол tagmâna, targem гэдэг хоёр үг юм. Латин хэлэнд (turchimannus, dragumanus, dracmandus, turchimannus), итали хэлэнд (drogmano, dragomanno, turcimanno), франц хэлэнд (drughement, drugement, drogman, truchement), испани хэлэнд (turchiman, trujaman), герман хэлэнд (dragoman), болгар хэлэнд (драгоманин), португаль хэлэнд (turgeman), серб хэлэнд (terduman, dragomani), польш хэлэнд (turdzyman), византийн грек хэлэнд (dragomanus), фламан хэлэнд (droogman) гэж тус тус орж ирсэн байна.   

Тухайн үед энэ үгийг турк гаралтай хэлнүүдэд dilmaç юм уу tilmaç  гэж хэрэглэж байв. Тэгвэл өнөөдөр герман  хэлэнд (эхлээд Tolmetsch дараа нь  Dolmetscher[v] болсон), орос хэлэнд (толмач, нийтлэг хэрэглэдэггүй үг), чех хэлэнд (tlumoč), унгар хэлэнд (tolmács), македон хэлэнд (толкувач), польш хэлэнд (tłumacz) гэх мэтээр Европын зарим хэл зээлдэн хэрэглэж байна. Өнөөгийн турк хэлэнд  хэрэглэгдсээр байгаа үг юм. Түүнчлэн Азербайжан хэлэнд tərcüməçi (орчуулагч / хэлмэрч), dilmanc (хэлмэрч) гэдэг үгсийг хэрэглэдэг.   

Османы бичиг баримтанд элчин сайд, консулын албаны хэлмэрч-орчуулагчийг заахдаа « tercüman» гэдэг үгийн ашиглаж байсан бол Европын[vi] бараг бүх хэлэнд « drogman »  гэдэг үгийг хэрэглэж байжээ.Гэхдээ уг үгийн бичлэг, дуудлага хоёр нэг хэлнээс нөгөө хэлэнд өөрчлөгдөж болох юм. Бид энэ тухай бусад хэлний жишээг авч үзлээ.  

Дрогманууд

Сюблим порт болон Османы эзэнт гүрэнд үйл ажиллагаагаа явуулж байсан Барууны орнуудын дипломат төлөөлөлд Османчууд хийгээд Барууныхны соёлын ялгаа, ёс зүйн дүрмийг өрнө, дорнын хэл шиг сайн эзэмшсэн хүмүүс хэрэгтэй байлаа. Тийм хүмүүсийг Европд « drogman » гэдэг нэрээр сайн мэддэг байв. Дрогманы ажил үүрэгт бичгийн орчуулга хийх, Османы засгийн газар болон Барууны хүчирхэг улсуудын элчин сайд, консулын албаны хооронд улс төрийн юм уу худалдааны асуудлаар хэлмэрчлэл хийх зэрэг олон зүйл багтана.  Ойрхи-Дорнодод үүсч бий болсон “үндэсний” юм уу левантин[vii] гаралтай жинхэнэ дрогманууд “Османы латин соёл иргэншил”-ийг төлөөлж байсан юм. Түүнээс хойш Османы эзэнт гүрэнд дрогманууд оршин байж, эзэнт гүрний төгсгөл хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн. Османы эзэнт гүрэнд дрогманы хоёр том бүлэг оршиж байжээ:

1.Султаны эзэн хааны сайдын дрогманууд (Dîvân-ı Hümâyûn tercümanları)

Султаны эзэн хааны сайдын дрогманууд (Dîvân-ı Hümâyûn tercümanları) Османы эзэнт гүрний албан хаагчид байсан ба Баруунд тэднийг Их дрогман  гэдэг байв.Тэд маш өндөр байр суурь эзлэх хэдий ч эрсдэл бийг мартдаггүй. Танзиматын[viii] үеэс өмнө дрогманууд ач холбогдлоороо Reis-ül küttâb[ix]-ын дараа хоёрдугаарт ордог байжээ.       

Их Дрогман (Baştercüman) юм уу Сюблим Портын Их Дрогман (Bâb-ı âli baştercümanı) нь орчуулагч, хэлмэрчдийн багийн ахлагч Хэлмэрч-Орчуулагч маягийн хүн байжээ. Тэднийг орчин үед ерөнхийлөгч болон сайдуудын орчуулга, хэлмэрчлэл хийдэг орчуулагч, хэлмэрчтэй харьцуулж болно.

Их Дрогман дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Их Сайдын гадаадын элч нартай хийх уулзалтын хэлмэрчлэл
  • Хүлээн авалтын үеэр Султан болон Их Сайдад илгээсэн гадаадын элч нарын захидлын орчуулга
  • Их Сайдын гадаадын элч нартай хийх хуралд оролцох, хурлын тайлан бэлтгэх
  • Гадаадад илгээж байгаа османы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцох
  • Хоёр талын хэлэлцээрийн үеэр хэлмэрчлэл хийх 
  • Барууны хүчирхэг улс орнуудад илгээсэн бүх төрлийн бичиг баримтыг уншиж хянах

Эхэн үедээ Их Дрогмануудад хэлэлцээрт оролцохыг зөвшөөрдөггүй байжээ. Гэсэн хэдий ч энэ байдал XVIII зуунаас эхлэн өөрчлөгдөн, Османы эзэнт гүрний дипломат бүхий л үйл ажиллагаа Их Дрогмануудыг гарт ийнхүү төвлөрлөө. Тэд ингэж Османы улсын дипломат албаны хамгийн чухал албан хаагчид болжээ.  

1502 онд Али Бей Османы эзэнт гүрний анхны Их Дрогман байсан юм. 1502-1661 оны хооронд Их Дрогмануудыг герман, унгар, итали гэх мэт улсын иргэдээс  сонгодог байв.1661 онд Панайотис Никузиосыг Их Дрогманаар томилсноор Грекчүүд нэр хүндтэй уг албыг хаших болж, 1821 оны Грекийн хувьсгал хүртэл үргэлжүүлэн ажилласан юм. Ийнхүү Magnifica Comunità di Pera et Galata[x] гэгдэх христийн бүлгийн гишүүд XVII зууны хагас хүртэл Сюблим Портын Их Дрогман, усан Флотын Их Дрогманы ажил үүргийг Фанарын грек-ортодокс нартай хувааж гүйцэтгэж байв. Тэдний дунд Пизани, Ле Навони, Ле Тимони, Ле Теста, Ле Фонтун... гэх мэт хүмүүсийг дурдаж болох юм.     

2. Гадаад албаны Дрогманууд  (элчин сайдын яам, консулын албад)

Османы эзэнт гүрэнд элч төлөөлөгчөө илгээж байсан Барууны хүчирхэг гүрнүүдэд өөрсдийнх нь хэлийг Османы эзэнт гүрний засаг захиргааны хэл шиг сайн мэддэг хүн шаардлагатай байлаа. Эхэн үедээ тэднийг Константинополийн Фанар, Пера зэрэг христийн цөөнх хэсэг амьдардаг байсан хороололоос элсүүлэн авч байжээ. Фанарын оршин суугчид ортодокс шашинтай Грекчүүд байсан бол Перагийнх (Beyoğlu) ихэнхдээ итали гаралтай Латинчууд[xi] байв. Дараагаар нь өрнийнхөн өөрсдийнхөө дрогманыг бэлтгэж эхэлсэн. Учир нь тэд тухайн улсын дрогманд итгэдэггүй байв.    

Тэр дрогманууд бичиг баримт орчуулах, османы засаг захиргааны төлөөлөлтэй хийх хурлын хэлмэрчлэл хийдэг нарийн бичиг-хэлмэрчийн үүргийг гүйцэтгэдэг байв. Түүнчлэн дипломатуудыг даган явж, элчин сайдын яам юм уу консулын газарт суудаг байжээ.Түүхч гүн Хаммер, Бианчи, Жуберт, Хуарт, Шлехта-Вссехрд, М. Хартманн болон бусад дорно дахины нэрт судлаачид тухайн цаг үедээ дрогманы албыг хашиж байжээ. Бид тэднийг элчин сайдын яамдад хэлмэрчлэл юм уу бичгийн орчуулга ихэвчлэн хийдэг хэвлэл мэдээлэлийн атташетай харьцуулж болох юм.

Барууныхан өөрсдийнхөө дрогмануудыг дээрх хүмүүсээс сонгон бэлтгэж байсан шалтгааны нэг бол Исламын шашны эх сурвалжаас үүдэлтэй уламжлалаар Европын хэл сурахыг хориглодог байсных юм. Барууныхныг үл итгэгчид гэж үздэг байв. Исламын болон Христийн шашинт улсуудын эрх тэгш бус байлаа. Европын улсуудыг « Dar ül-cihad » (Ариун дайны хаалга) « Diyar-ı küfr » (Үл илтгэхийн орон)... гэх мэтээр нэрлэнэ. Тэр ч бүү хэл исламын шашинт хэн нэгэн баруунд хэтэрхий удаан байхыг үл таашаана. Османчуудын өөрсдийгөө бусдаас дээгүүр гэх үзлийг үл умартана. Султан (padişah) болон  их сайдууд (sadr-ı a´zam) барууны орноос ирсэн элч нарт доромжилсон байдлаар ханддаг байжээ. Ийм шалтгаануудаас болж Османы эзэнт гүрэн XIX-р зууны сүүлч хүртэл барууны орнуудад элчин сайдын яамаа хэзээ ч нээгээгүй юм.

Османы эзэнт гүрэн болон Барууны хүчирхэг улсуудын хоорондын өсөн нэмэгдэх харилцааны эрэлт хэрэгцээг дрогманууд хангаж дийлэхээ болив.Тиймээс улс орон бүр өөр шийдэл олох болов. 1551 оноос эхлэн Венецээс залуу хүүхдүүдийг (Giovani di lingua) дрогман болгохоор Константинополь руу сургуульд явуулж байв. Гэгээн Влакийн Бүгд Найрамдах Улс, Польш, Франц улсууд ч ялгаагүй дээрх санаачлагыг дагалаа.1626 онд Францын Капусинчууд франц, турк, латин, итали, хэрэглээний грек хэл заах сургуулийг[xii] Константинопольд нээсэн бөгөөд энэ нь Францын төлөө ажиллах дрогмануудын анхны цөмийг бүрдүүлсэн юм. 1669 онд Колберт “Хэлний залуучууд”[xiii] нэртэй дрогманы сургуулийг Константинополь хотод нээв. Төлбөргүй энэ сургуулийн зардлыг Марселийн Худалааны Танхим хариуцаж байлаа. Константинополийн иргэдээс дрогман элсүүлэхийг зайлсхийх зорилготой байв. “Орон нутгийн” дрогманууд Их Эзний хүмүүс байсан хийгээд үнэнч байдал нь заримдаа эргэлзээтэй төдийгүй франц хэлний мэдлэг нь хэлэлцээр хийхэд эрсдэл дагуулж байв.Тиймээс залуу хүүхдүүдийг элсүүлэн авч, багаас нь дорнын хэл  заах санаа төржээ.

Барууны улс орон хийгээд Османы эзэнт гүрний нутаг дэвсгэрээс ирсэн залуучууд тэнд боловсрол эзэмшиж, турк, араб, перс (elsine-i selâse[xiv]) хэлийг сурч байлаа. Төгсөөд гарсных нь дараа тэднийг « dil oğlanı » (Хэлний Хөвгүүд) гэж хүлээн зөвшөөрнө. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр оюутан Сюблим Порт болон барууны хүчирхэг улсуудын хоорондын орчуулагч, хэлмэрч төдийгүй өрнийн соёл иргэншлийн мэргэжилтнүүд болсныхоо хувьд дипломат харилцааны салшгүй хэсэг болсон юм. Тэд « barataires »[xv] гэж хэлдэг дрогмануудыг бас оролно. 

XVIII зууны эхээр Хэлний Залуучуудын Сургуулийн сурагчид заавал гүйцэтгэх дасгал болгож, турк, араб, перс хэлээр бичсэн гар бичмэлийн орчуулгыг хийх ёстой байдаг байжээ. Энэ нь Францын эзэн хааны номын санг баяжуулах зорилготой байсан аж. Орчуулгын уг бодлого Колбертийн үед үүссэн дорнын бүтээлүүдийг ухаалгаар сонгож, эмх цэгцтэйгээр эзэмших бодлогын ерөнхий хөдөлгөөний нэг хэсэг байв.     

Гар бичмэл орчуулах санааг тэнгисийн цэргийн хүчний төрийн нарийн бичгийн дарга Мурепас гаргасан юм.Орчуулгын ихэнх нь өдгөө Францын Үндэсний номын санд хадгалагдаж байгаа бөгөөд гэрээ хэлэлцээр, хууль, дүрмээс гадна үлгэр, түүх, цэрэг, дипломатын бүтээлийн орчуулга багтаж байна.  

Түүнчлэн Англичууд Константинополь дахь элчин сайдын яамандаа ажиллах дрогмануудыг бэлтгэх гэж оролджээ. Оксфордын Грек коллеж залуу Грекчүүдийг английн шашинд хүлээж авах ёстой байлаа. Гэхдээ Османы эрх баригчдаас эсэргүйцсэн хариу үйлдэл ирж магадгүй хэмээн Ирусалемийн патриарх болон Сюблим Портын их дрогман Александр Маврокордато нар хязгаар тогтоосон байна.

Исламын соёл иргэншил, хэлний тухай гүнзгий мэдлэгтэй болсон дрогманууд

Османы эзэнт гүрэн, Өрнө хоёрын хооронд мэдлэг болон үзэл санаа дамжуулахад гол үүрэг гүйцэтгэж, Османы эзэнт гүрний түүхэнд чухал байр суурийг эзэлж байжээ.

 


Франц хэлнээс орчуулсан: Т. Алтанцэцэг /Ph.D. дэд проф/, орчуулагч

Traduit du français en mongol par : T. Altantsetseg / Ph.D. prof agrégé/ traductrice.   


[i] Маргхетич, С. Г., Турк дэх дипломат болон консулын үйл ажиллагаанд Дрогмануудын гүйцэтгэх үүргийг судлах нь” (Константинополь, 1898). х. 3

[ii] Орхонлю, Сэнгиз. ‘Tercüman’, İslam Ansiklopedisi (Истамбул: MEB, 1993), 175., х. 176, ПОЛАТСИГ-ийн дурдсанаар, Osmanlı diplomasisinde oryantalist memurlar (Osmanlı belgeleriyle diloğlanları ve tercümanlar). х. 42

[iii] Balyos гэдэг үг бол итали гаралтай үг юм.  Bailo гэдэг цолыг урьд цагт Европын улс орнуудын консулд олгодог байжээ. Ялангуяа Венецийн Бүгд Найрамдах улсаас Сюблим Портод илгээсэн элч нарт хэрэглээж байв. Османы эзэнт гүрэнд Венецийн анхны элчийг 1454 оны гэрээнд гарын үсэг зурахтай хамт томилжээ. Сүүлд уг нэрээр бусад улс орны элч, элчин сайдуудыг бас нэрлэдэг болсон байна.

[iv] 1535 онд I Франсуа хаан  Агуу Сулеймантай барилдлага тогтоов. Тэр жилдээ Францын элчин сайдын яам Константинопольд суурьшжээ.

[v] Өнөөдөр герман хэлэнд « dolmetscher » гэдэг үг нь бага хурлын хэлмэрчдийг хэлдэг.

[vi] КИНЛИ. х. 83, ПОЛАТСИ-гийн дурдсанаар, Osmanlı diplomasisinde oryantalist memurlar (Osmanlı belgeleriyle diloğlanları ve tercümanlar). х. 41-42

[vii] Левантин : Дорно дахинд олон зууны туршид латин үндэстэн юм уу османы латиныг бүрдүүлж байсан бүлгүүдийн нэгдэл

[viii] Османы турк хэлэнд “дахин зохион байгуулалт” гэсэн утгатай Танзиматын үе гэдэг нь 1839-1873 оны хоорондох Османы эзэнт гүрний үеийг хэлнэ.

[ix] Османы эзэнт гүрэнд Reis-ül küttâb нь Гадаад хэргийн сайдыг албыг хашдаг.

[x]Галатад османы султаны исламын шашингүй хүмүүсийг Magnifica Comunità di Pera гэдэг нэр бүхий зөвлөл харгалздаг байжээ. 

[xi] Галатагийн латин гэр бүлүүд : Ле Навони, Ле Грилло, Ле Оливиери, Ле Форнетти, гм.

[xii]  Капусины хэлний Залуучуудын сургууль.

[xiii] Уг сургуулийг Парис хот руу шилжүүлсэн ба өнөөдөр l’INALCO  ( Дорно дахины хэл, иргэншлийн үндэсний дээд сургууль) гэж нэрлэдэг.

[xiv] Гурван хэл

[xv] Barataire гэдэг үг berât юм уу brevet гэдэг үгнээс гаралтай. “Berât” нь тэдэнд гэрээгээр баталгаажсан худалдааны болон татварын давуу эрхийг олгодог.  



Recommended citation format:
Elvin ABBASBEYLI. "Оттоманы эзэнт гүрэн дэх дрогманат". aiic-italia.it July 4, 2019. Accessed August 23, 2019. <http://aiic-italia.it/p/8837>.